×
2023-08-10

Монголд дугуйн спорт үүсээд 60 жил болжээ. Энэ хугацаанд Азийн аваргаас  ганцаарчилсан төрөлд хоёр хүн алтан медаль хүртсэн байдаг. Түүний нэг нь дугуйн спортын ОУХМ Б.Марал-Эрдэнэ юм.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа түүнийг урилаа. Б.Марал-Эрдэнэ Азийн оюутны наадам болон дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилтаа ахиулсаар яваа энэ цагийн шилдэг тамирчин юм.

 

-Анхны олон улсын тэмцээнээсээ Монголын хоёр дахь алтан медалийг хүртэнэ гэдэг том амжилт. Тэмцээнд орж байх үедээ сандарч байв уу?

-Би багаасаа цана, хөнгөн атлетик зэрэг олон спортоор хичээллэдэг хүүхэд байлаа. Харин дугуйн спортоор сүүлд хичээллэж эхэлсэн. 2006 онд өвөөгийнхөө хамт УАШТ-д оролцсон үеэс энэ спортод илүү дурлаж, бэлтгэлээ тогтмол хийх болсон. Хичээснийхээ хүчинд Азийн аваргын 19-23 насны ганцаарчилсан төрөлд оролцохоор болж, Өмнөговь аймаг руу явсан юм. Хэдийгээр тэмцээн хоёрдугаар сард болох хуваарьтай байсан ч би Монголынхоо халуун цэгт очиж бэлтгэл хийсэн. Бэлтгэлээ гадаа хийх үедээ хэр хүйтэн байгааг мэдэрч, өөртөө илүү итгэлтэй болж эхэлсэн.  Ингээд 20 гаруй хоногийн дараа бэлтгэл дуусаж, тэмцээндээ оролцсон юм. Уралдааны төгсгөлд цаг руугаа хартал түрүүлж гарсан тамирчныхаа өмнө явж байхыг харсан. Илүү хурдан жийгээд л барианд орохоо бодож, сэтгэл зүйн байдлаа тогтворжуулсан. Тэмцээний дүн гарч, нэгдүгээр байрт орсон гэдгээ мэдээд үнэхээр их баярлаж билээ.  Анхны том өрсөлдөөнд өөрийн хүчийг сорьсон болохоор сандрал их байсан. Гэхдээ өөрийгөө ялсан мэдрэмж үнэхээр сайхан санагдсан.

-Удахгүй тамирчдын хүлээдэг олон өдрийн уралдаан эхлэх гэж байна. Хүчтэй өрсөлдөгч олон байгаа юу?

-Энэ уралдаанд Монголын тамирчид ихэвчлэн оролцдог онцлогтой. Гаднын том тэмцээнүүдээс цөөхөн хүн оролцдог ч өрсөлдөөн их хүчтэй болдог. Учир нь манай тамирчид хурд, хүчээрээ бусад тамирчдаас илүү өрсөлдөөнийг үзүүлэх чадвартай. 

-Таны хувьд олон улсын тэмцээнүүдэд уралдах боломж хэр байдаг вэ?

-Би Японы “Levante Fuji Shizouka” болон Монголын “Огги” багийн нэр дээр уралддаг. Энэ хугацаанд эдгээр багийнхаа нэр дээрээс олон амжилтыг үзүүлсэн байна. Харин манай тамирчид олон улсын тэмцээнд цөөхөн оролцдог. Учир нь Азийн оронд ганц, хоёр удаа л тэмцээн болдогтой холбоотой. Гэтэл европын тамирчид хүүхэд байхаасаа бидний уралддаг тэмцээнүүдэд оролцдог  юм билээ. Тэгэхээр тамирчид хоорондын өрсөлдөөн зөрүүтэй болчихно. Харин манай тамирчдын хувьд олон тэмцээнд оролцох тусмаа илүү амжилт үзүүлэх чадвартай нь давуу тал юм болов уу.

-Цаашид залуу тамирчдаа бэлтгэнэ гэсэн бодол бий юу?

-Мэргэжлийн том тэмцээнүүд 120 жилийн түүхтэй байдаг. Гэтэл манай улсын дугуйн түүх 60 жил. Энэ хугацаанд уналтад орсон ч буцаад хөгжил рүүгээ явж байгаа спорт. Тиймээс дэлхийн хэмжээнд Монголын дугуйн спортыг хөгжүүлэх  боломж гараасай гэж хүсэж байгаа. Миний хувьд өөрийн мөрөөдлөө ярихгүйгээр дараа үеэ бэлдэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс залуу тамирчиддаа тусалж, зөвлөхийг хичээдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Д.ДАРАМБАЗАР