×
2023-08-14

“Монгол арт” галерейд Өмнөд Солонгос болон монгол уран бүтээлчдийн хамтарсан “Нугад цэцэглэж буй-Ардын уран зураг” үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэхүү үзэсгэлэнд 40 гаруй зургийг дэлгэсэн байв.

 

Орчин үеийн хэв маягийг ардын урлагтай хоршуулав

Ятга хөгжмийн аялгуу намуухан эгшиглэж, дорнын хэв маягийн агуулсан содон зургууд сонирхол татах ажээ. Олон өнгөөр цомирлогоо дэлгэсэн анхилам цэцэгс. Эртний солонгосчуудын амьдралын хэв маяг, ёс уламжлал. Энэ бүхэн “Нугад цэцэглэж буй-Ардын уран зураг” үзэсгэлэнд буй. Тус үзэсгэлэнг БНСУ-ын “Гахое минхва” академи, “Монгол арт галерей” хамтран хоёр дахь жилдээ толилуулсан нь энэ юм. Үзэсгэлэнд саатахад уламжлалт аж ахуй, үндэсний хувцас, онгон байгалиа хурц өнгө, элдэв чимэггүй дүрсэлсэн эдгээр зураг нь үзэгчдийн сэтгэлд ойр дотно, онцгой мэдрэмж үлдээх аж.  Мөн  зарим уран зурагт орчин үеийн хэв шинжийг ардын ёс уламжлалтай хоршуулсан нь цаг үеэ олсон шинэлэг шийдэл байв. МУИС-ийн Олон улс судлалын гуравдугаар дамжааны оюутан Ү Сон Бек “Би өнгөрсөн жил энэ үзэсгэлэнг үзэж байсан. Ихэвчлэн Солонгосын үзэсгэлэнт газруудыг дүрсэлсэн байсан нь эх орондоо очсон мэт сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Харин энэ удаагийн үзэсгэлэн илүү ахуйн шинжтэй болсон байна. Мөн зургуудыг орчин үеийн технологийн шийдлээр тодотгож өгсөн нь илүү бүтээлч, үнэ цэнтэй, сонирхол татам юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

 

Жирийн иргэдэд зориулсан урлаг Минхва

 

Солонгосын ардын урлаг буюу Минхва нь XVII-XIX зуун буюу Жесоны үед үсрэнгүй хөгжиж, өөрийн бие даасан хэв маягтай болжээ. Гэхдээ энэхүү урлагийг бүтээгчид нь  язгууртан, ихэс дээдсүүдэд бус  жирийн ард түмэндээ зориулж бүтээл хийж байснаараа онцлог юм.  Харин тэр үеэс өнөөг хүртэл уламжлалт сэдэв, хэв маяг нь хуучралгүйгээр шинэ үеийн зураачид нь түүчээлсээр байна. Минхва нь ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа зэргийг үлгэр домгийн сэдвээр, зан заншил, үнэт зүйл, өргөн уудам газар нутаг, үзэсгэлэнт байгаль, цэцэгс, шувууд, хосгүй хүч чадалтай амьтдын тухай уран сэтгэмж бүхий уран зургаар дүрслэн илэрхийлдэг онцлогтой. Танхимд дэлгэсэн зураг бүрт “Аз жаргалтай зуны улирал”, “Шувуу ба цэцэг”  зэрэг  товч нэр өгчээ. Тэгвэл энэхүү үзэсгэлэн нь олон жилийн түүхтэй ёс заншил болоод бусад улсын соёлоос ялгагдах нэгэн онцлогийг Монголын ард түмэнд сурталчилан таниулж буй өндөр ач холбогдолтой гэж зохион байгуулагдын зүгээс онцолж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА