Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллахыг даалгасан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 25 чиглэлээр 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 72 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд 30 агуулахад 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд буй.
Мөн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу зургаан дүүргийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 1370 тонн лаг, хагшаасыг цэвэрлэсэн. Үерийн хамгаалалтын 12.8 км урт далан, барилга байгууламжийг цэвэрлэж, 11,811 шоо метр лаг тээвэрлэсэн бол 13 байршилд борооны ус зайлуулах шугамын 84 тонн лаг цэвэрлэжээ.
Барилгын суурь ухаад орхисон 104 байршил байна
Энэ онд 16 байршилд замын засвар, шинэчлэл хийхээс таван байршлын ажил бүрэн дууссан. 18 байршилд 40 мянган ам метр орчим явган болон дугуйн замын ажил хийсэн байна. 64 мянга орчим ам метр талбайн нүхэн эвдрэл засварлаж, 49 мянга гаруй ам метр талбайд хэвтээ тэмдэглэл хийжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах үүрэг өгсөн. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл 56 хувьтай байна.
Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа юм. Үүнээс нь 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй. Мөн барилгын ажил хийж буй 197 байршилд 751 объектод хяналт шалгалт хийхэд 117 зөрчил илэрсэн байна.
Хотын дарга барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.
Хог тээврийн машины 50 хувь нь хуучирчээ
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:
-Манай байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ болон хариуцсан талбайн хогийн сав, хайс, хашлага, хөшөө, дурсгал, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, мөн төвлөрсөн гурван хогийн цэгийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын устгалыг хариуцдаг. Түүнчлэн Алтан-Өлгий хүндэтгэлийн оршуулгын газрын арчлалт, хамгаалалт болон нийтийн бие засах 10 газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг хэмээв.
Мөн 39 байршлын 1066 гарааш чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн машин механизм хүрэлцэхгүй, парк шинэчлэл хийх, бодисын агуулах байгуулах хэрэгтэй зэрэг тулгамдсан асуудлаа хэлж байв.
Хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын тоног төхөөрөмж, машин механизмын хүчин чадлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Нийслэлийн есөн дүүрэгт хог тээвэр, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр 32 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн 509 машин механизм бүртгэлтэй боловч 385-ыг нь өдөр тутам ашиглаж байна. 361 жолооч, 536 ачигч ажиллаж байгаа. Зам, талбайн цэвэрлэгээнд 658 үйлчлэгч, 221 машин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хог тээврийн 207 машин 10-аас олон жил болсон. Өөрөөр хэлбэл, машин механизмын 50 орчим хувь нь хуучирсан байна гэв.
Мөн хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниуд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа ирүүлсэн бөгөөд 187 машин механизм хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд хот тохижилт, үерийн барилга, байгууламжийн зориулалтаар нэн тэргүүнд шаардлагатай 100 гаруй машин механизмыг хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ.
Үүний дараа дүүргүүдийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл, хөрөнгө оруулалтын ажил болон тэдгээрт тулгамдаж буй асуудлаа хэлсэн юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 97 ажил төлөвлөснөөс хэрэгжилт 63 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 89 арга хэмжээ хэрэгжихээс 44 нь бүрэн хэрэгжжээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай, 560 тонн давс нөөцөлсөн байна. Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 60 ажил төлөвлөснөөс хэрэгжилт 40 хувьтай байгаа бол Хан-Уул дүүргийнх 63 хувьтай байна. Баянзүрх дүүргийн хувьд давс, бодисын нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай, шуурхай ажиллахыг үүрэг болгов.
Авто зам, инженерийн шугам сүлжээний ажлын нөхөн сэргээлт, засварын ажилд чанар, стандартыг хэрхэн хангуулж байгаа талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Бага тойруугийн дулааны шугам, сүлжээ өргөтгөж байгаа гүйцэтгэлд хяналт, шалгалт хийсэн. Гүйцэтгэл 98 хувьтай, нөхөн сэргээлт 50 хувьтай байна” гэв. Мөн захиалагчийн хяналт сул, Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх журмыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлж байлаа.
Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ
Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр:
-Зүүн Азийн есөн үндэсний олимпын хороо байдгаас долоо нь наадамд оролцоно. Тодруулбал, 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодоос томилогдсон техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1600 гаруй хүн оролцохоор байна. Наадмын бэлтгэл ажлыг хангасан бөгөөд маргааш боксын тэмцээнээр эхэлнэ. Мөн сайн дурын 1000 гаруй хүн ажиллаж байгаа. Нээлтэд 400 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 16-нд 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно хэмээлээ.
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх.
- Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах.
- Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээ чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Авто замын хөдөлгөөний зорчих хэсэг болон автобусны буудлуудад нийтийн тээвэр чөлөөтэй зогсоход саад учруулсан тээврийн хэрэгслийг журамлах, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох, хяналт тавих ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах.
- Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС