Чойр-Цогтцэцийн замд “эзэн” суусан “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ийн хэдэн тэрбумаар яригдах хэргүүд “элсэн” доор дарагдсаар байна.
Одоогоос 3 жилийн өмнө “Баян зам” ТББ “Элит констракшн” компанитай менежментийн гэрээ байгуулан маш олон компани, жолооч нараас хэдэн тэрбум төгрөг авсан учраас цагдаад хандаж буйгаа тухайн үеийн Зам тээврийн сайд Л.Халтар хэвлэлээр мэдэгдсэн.
Л.Халтар сайдын хэлснээр бол энд 31 компаниас тус бүр зөвшөөрөл хэмээн 120 сая төгрөг, дээр нь нэмээд машин тус бүрээс \ойролцоогоор 1250 жолооч\ рейс тутамд 880 000-1 225 000 төгрөг авдаг гээд бодохоор ямар их мөнгө эргэлддэг нь тодорхой. Үүний цаана маш том “но” ч байх магадлалтай. Чойрын замтай холбоотой асуудлаар лав л Зам тээврийн сайд асан Б.ЭНХ-АМГАЛАНГ яллагдагчаар татаад байсан.
Харин “Баян зам”, “Элит консалтинг”-д АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалган прокурорт шилжүүлсэн гэсэн мэдээлэл гараад сураг тасрав. Албан бус мэдээллээр бол “Элит консалтинг” компанийг ЭЦГ мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа сурагтай. Гэвч энэ талаар мэдээлэл өгөхгүй ус балгасан юм шиг байна.
Арай “том” улстөрчидтэй, эсвэл их мөнгөтэй холбоотой хэргийг албаар замхруулдаг жишгээр алга болох гэж байгаа юм биш биз гэсэн хардлага ч байна. Нөгөө талд нь хохирсон тээвэрчид нь зүгээр суухгүй гэж байгаа сурагтай
Ингэхээр тээвэрчдийг хохироож, үндэслэлгүйгээр мөнгө авч байсан гэх энэ компанитай холбоотой хэргийг ухаж төнхвөл удахгүй чамгүй дуулиан дэгдэх бололтой.
Харж л байя.