БНСУ-д зургаадугаар сарын сүүлчээс борооны улирал эхэлж, үргэлжлэн орсон борооны улмаас улсын төв болоод өмнөд хэсгээр үерийн аюул нүүрлээд байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Өмнө нь есөн хүн нас барсан гэж мэдээлж байсан бол өнгөрсөн бямба гарагт болсон голын далан нурсан ослын улмаас Чонжу хотын төв нүхэн гарцад томоохон осол болж 12 хүний амь үрэгдэж, есөн хүн бэртсэн байна.
Өнгөрсөн жил Сөүл хотод сүүлийн 115 жил орж байгаагүй аадар бороо орсны улмаас Ганнам дүүрэгт 14 хүн амиа алдаж байжээ. Гамшгийн улмаас метро, зам, байшингууд үерт автсаны дараагаар Өмнөд Солонгосын Засгийн газар гамшгийн үеийг даван туулах арга хэмжээг илүү сайжруулна хэмээн амлалт өгсөн байна.
Энэ жилийн хувьд борооны улирал эхлэсний дараагаар иргэдэд үерийн сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсээр байсан юм. Тус улсын иргэд амь үрэгдэгсдийн төлөө санаа зовниж, Засгийн газрыг гамшгийн үеийн шаардлагатай арга хэмжээг сайжруул хэмээн шаардаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гадаад дахь айлчлалын дараагаар гамшгийн хариу арга хэмжээний талаар агентлагуудыг хуралдуулжээ. Тэрбээр хурлын үеэр “Бид өнгөрсөн жилээс эхлэн аюултай, эрсдэлтэй бүс нутгуудад нэвтрэх хяналтыг тавьж, урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэлт удаа дараа хийсэн. Гэсэн хэдий ч гамшгийн үед авах хариу арга хэмжээний үндсэн зарчмуудыг тухай бүрт сайтар баримтлахгүй бол олон нийтийн аюулгүй байдлыг хангахад хэцүү байна” гэдгийг санууллаа.
Мөн Ерөнхийлөгч Юн Сок Ёл эрх баригчдыг гамшгийн улмаас хохирогсдыг аврахын тул ихээхэн хүчин чармайлт гаргахыг уриалж, үерт нэрвэгдсэн бүс нутгийг гамшгийн онцгой бүс болгон тогтоож, нөхөн сэргээн босгох ажил эхлүүлж ард иргэдэд дэмжлэг үзүүлэхээ амлав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Н.ЖАРГАЛМАА