Уул, үүлс, цэцэг жимсний орон Дали, эртний түүхт Юньань муж...
БНХАУ-ын Өмнөд нутгаар аялах гайхалтай завшаан тохиолдон элдэв бодлоос тархиа чөлөөлж шинэ газар нутаг, шинэ соёл, уламжлалтай танилцаж нүд, сэтгэлээ баясгасан дөрвөн шөнө, таван өдрийн аяллын хамгийн товчхон бөгөөд тод дүрслэл маань энэ. Энэхүү гайхалтай аяллын эзэд болсон бидний хэдэн нөхөд Улаанбаатараас Бээжинд газардаж, тэндээсээ өглөө эртлэн Өмнөд Хятадын гайхамшигт соёлын өв болсон үзэсгэлэнт Дали хотыг зорив. Бээжин хотоос 4 цагийн нислэгийн зайд орших Юньнань мужийн хамгийн эртний хот Далид газардахад үүл, уул нь нийлсэн сүрлэг байгалийн үзэсгэлэн угтав.
Нутгийн хөтөч бүсгүй Линда монгол хүмүүст анх удаа хөтөч хийж байгаа гэнэ. Тэрээр 13-р зууны үед Монголын Хубилай хаан энэ нутгийг эрхшээлдээ оруулж байсныг юун түрүүнд бидэнд сонирхуулав.
Хубилай хаан 1253 онд гурван зууны настай Далигийн хаант улсыг Их Юань гүрэнд нэгтгэснээс хойш Юньнаньд дахин бие даасан хаант улс бий болоогүй аж. Хожим Мин улсын үед тус хотыг дахин сэргээсэн бөгөөд тэр л төрхөөрөө өнөө цагтай золгожээ. Юньнань мужийн төвийн хэсгээр нь Бай үндэстэн зонхилон суурьших бөгөөд Хятадын албан ёсны 56 үндэстнээс 25 нь энэ мужид оршин суудаг. Хятадын хамгийн олон үндэстэн ястантай муж юм байна.
Юньнань нь баруун болон өмнө талаараа Мьянмар, Лаос, Вьетнам гэсэн гурван улстай хиллэдэг. Юньлин хэмээх уулын өмнөд хэсэгт байрласан гэдэг утгаар Юньнань гэж нэрлэжээ.
Юньнань муж 45 сая хүн амтай. Мужийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь уулархаг өндөрлөг газар байдаг учраас үүлсийн орон гэж нэрлэх нь ч бий. Юньнань 600 гаруй гол мөрөнтэй бөгөөд алдарт Эрхай нуурыг тойрон Дали хотыг байгуулжээ. Эрхай нууранд усан онгоцоор аялан хотын байгалийн үзэсгэлэнг бишрэх, гурван суварга гэх буддын байгууламжийг үзэх нь энд ирсэн жуулчдын заавал хийх ёстой “ажил” юм. Халуун дулаан, чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай Дали хотод биднийг очих үеэр гадаадын гэхээсээ илүүтэй дотоодын жуулчид зонхилж байв. 5-10 дугаар сар нь борооны улирал бөгөөд бусад улиралд энэ нутгийг зорих дотоодын жуулчлал тасардаггүй байна.
Юньнань мөн ан амьтан, ургамлын төрөл зүйлээр хамгийн баян муж юм. Тус мужид халуун, дулаан, сэрүүн, хүйтэн бүх бүсийн ургамал ургадгаараа онцлог. Хятадын төрөл бүрийн эмийн ургамлын талаас илүү нь Юньнань нутагт ургах ба эмийн ургамал мянгаар тоологдох төрөл зүйлээрээ ургадаг байна. Түүнчлэн янз бүрийн халуун ногоо, жимс жимсгэнэ элбэг. Тэр дундаа анар жимсээрээ алдартай бөгөөд гайхалтай энэ жимсийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байна. /Бид бол мөөг гээд л идээд байсан/
Бас нэг содон зүйл нь “Сарнайн боов”. Энэ нутаг цэцэг, тэр дундаа хаа сайгүй хараа булаан ургасан сарнай цэцэг харагдах. Элбэг дэлбэг энэ сарнайгаа хүнсэнд хэрэглэх бөгөөд зонхилон амттаны шанз маягаар хэрэглэгдэг. Манайхаар бол шанзтай еэвэн маягтай.
Чангшан хэмээх сүрлэг уул ба Эрхай гэх нуурын хооронд сунан байрлах эртний Дали хот нь бүхэлдээ нэгээс хоёр давхар цагаан, саарал өнгийн байшингуудаас бүрдэх бөгөөд ханан дээрээ элдэв хээ хуар, Хятадын эртний бийрэн зураг зурах нь түгээмэл. Энэ нь Бай үндэстний хот байгуулалтын хэв маяг ажээ. Үүлстэй нийлэн тэнгэр баганадан орших Чангшан уул, Эрхай нуур нь эртний агаад чамин тансаг ур хийц бүхий барилгуудтай нийлээд Далигийн гол чимэг бөгөөд энэ бүхэн гайхалтай хоршмол болж харагддаг.
Дали хэдийгээр жуулчдын гол цэг, бум бужигнаж, түм түжигнэсэн газар ч гэлээ намуухан таатай хот санагдсан. Тэр олон сая хүн нь хаанаа байдаг юм гэмээр гудамж, талбай намуухан ч нисэх буудал, галт тэрэгний буудал, худалдааны захуудаар бол харин ч нэг хүн урсгалд живэх нь үү дээ гэмээр...
Юньнань өнгөт төмөрлөгийн ордууд арвин их нөөцтэй бөгөөд цайр, хар тугалга, фосфор, цагаан тугалга, цагаан алт, мөнгө, зэс, шөрмөсөн чулууны нөөц ихтэй. Мөн тамхины үйлдвэрлэлээр Хятадад гуравт ордог байна. Мөн цайгаараа алдартай. Жуулчдын гол худалдан авалт нь цэвэр 999 сорьцтой мөнгөн эдлэл, хаш чулуун гоёл чимэглэл гэнэ. Төмөр зам, авто замын цогц сүлжээтэй. Зөвхөн Юньнань муж нисэх онгоцны 12 буудалтай аж.
Юньнаньд Далигаас гадна нэрд гарсан аялал жуулчлалын цогцолбор газрууд олон бий. Бай үндэстний өөртөө засах жөүгийн төв Дали хот урт удаан түүх, үлэмж их бичиг дурсгал, байгалын өнгө үзэмж, тааламжтай сайхан цаг агаар, үндэстний өвөрмөц онцлогоороо жуулчдын сонирхлыг их татдаг байна.
Үүнийг нотлох гэсэн мэт манай багийн нэг гишүүн “Би гэдэг хүн Хятад улсад ажил, бизнесээр 30 гаруй жил явж байсан ч энэ л хотуудаар аялж, амарч үзээгүй байжээ. Эртний хотуудаар аялж байгаадаа сэтгэл хөдөлж, маш их догдолж байна. Дараа хүүхдүүдээ дагуулаад, гэр бүлээрээ заавал ирнэ” хэмээн сэтгэл хөдөллөө илэрхийлж байв.
Хүн амын тал нь Кунминд байгаа, тал нь ирж яваа
Бид Далигаас цааш хурдны галт тэргээр 198км/цагийн хурдтай 2 цаг орчим давхиж “Мөнхийн хаврын хот” гэгддэг Кунминд хүрэв. Бидний хувьд хурдны галт тэргэнд суух нь тун ч сонирхолтой аялал байсан тул Хятад орон богино хугацаанд эрчимтэй хөгжиж буйг хөөрөлдөнгөө, “Энэ галт тэрэг яваад байна уу, түгжрээд байна уу” хэмээн маазран хэрхэн газар хорсныг ч мэдсэнгүй. Түм түжигнэж бум бужигнасан галт тэрэгний буудлаас биднийг Крис /англи нэр нь/ хэмээх шавилхан биетэй бүсгүй тосон авч орчин үеийн тансаг буудалд буулгав. Хэдийгээр цөөхөн цаг унтаж амарсан ч буудлын тав тухтай байдал, олон орц, найрлага бүхий өглөөний цай бидэнд эрч хүч өгсөн юм.
Тэр ч эрч хүчээрээ өглөө Крисээ дагаад шогшцгоосон доо. Бид юун түрүүнд Кунминий чулуун ойгоор аялж, тэндэхийн байгалийн тогтоц, ер бусын сайхан орчныг өндөрлөг дээрээс нь тольдохын зэрэгцээ байгалийн энэ тогтоцын унаган байдлыг эвдэлгүй яаж ингэж хүмүүст аюулгүй орчин бүрдүүлж, арчилж тордож, аялал жуулчлалыг хөгжүүлж байгааг нь бахдав.
Эртний түүхт Кунмин хот Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн олон улсын худалдаа, аялал жуулчлал хөгжсөн зам харилцааны зангилаа хот аж. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг болохоор “Хаврын хот” хэмээн алдаршжээ. Тус хотын орчим 30 гаруй мянган жилийн тэртээ хуучин чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан гэх бөгөөд Күньминий чулуун ой тэндэхийн хамгийн үзүүштэй, жуулчдыг заавал үзэх газар юм байна. Күньминд 400 гаруй нэр төрлийн цэцэг ургадаг бөгөөд цайны цэцэг нь тус хотын бэлэг тэмдэг юм.
Халуу шатаж байсан Бээжингээс сэрүү татсан Кунминд буух нэн тааламжтай. Юньнаний хамгийн үзэсгэлэнтэй хойд, баруун хэсэг нь далайн түвшинээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт оршдог болохоор сэрүүн чийглэг. Иймд энэ зүгт зорчих бол нарны шил, сийрсэн малгай биш дулаан хувцас борооны цув хэрэгтэй гэж жуулчдад зөвлөдөг байна. Харин эрс тэс уур амьсгалтай Монголоос очиж буй бидэнд тус нутгийн цаг агаар зуны ердийн өдөр шиг таатай л байв. Цаг агаарын хамгийн таатай улирал нь энэ өдрүүдэд тохиож байгаа учраас энэ улиралд Хятадын хүн амын тал нь Кунминд байгаа тал нь ирж яваа гэсэн хошигнол ч байдаг аж.
Түүнчлэн энэ хотыг орчин үеийн Хятадын гол асуудал болсон орчны бохирдолд хамгийн бага өртсөн, амьдрахад таатай хот гэж үздэг юм байна.
Байгал цаг уурын таатай нөхцөл бүрдсэн энэ газарт дэлхийд дээгүүр бичигдэх гольфийн талбай мөн байдаг. Тэнд гольф сонирхогчид дэлхийн өнцөг булан бүрээс зорьж ирдэг бөгөөд уг талбайг түшиглэн нутгийн алдартай брэнд болох цагаан будааны гоймонгийн шөлний газрыг байгуулжээ. Бидэнд Кунмины алдартай зоог будааны гоймонтой шөл амталсан нь онцлууштай дурсамж байлаа.
Бараг 4 литр шахуу багтаамжай том ширмэн тогоонд халуун шөл дүүргэж, дээр нь гоймон бусад мах ногоог хийж нэмэлт галгүйгээр буцалгаж иддэгээрээ энэ хоол онцлог. Савхдаад л, халбагдаад л мөддөө дуусч дундрашгүй их хоол байв. Энэ мэтчилэнгээр дурсах ахул маш олон сонирхолтой дурсамжийг тэнд бүтээж болно. Магадгүй энд бичсэнээс ч илүүг та бүхэн өөрсдөө үзэж, сонирхож, мэдэрч, танилцвал мартахын аргагүй дурсамж үлдэх болно гэж зөвлөмөөр байнаэ
Тэнд өв соёл, уламжлал хадгалагдаж байна. Тэнд хөгжил байна. Таныг Дали, Кунмин хүлээж байна. Аялаарай.
Д.Цогзолмаа