×
2024-05-27

УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 25-нд нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууссан. Мөн АН-аас гурван өөр тогтоол ирүүлсэн гэсэн маргаан дэгдээд байгаа. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ тайлбар өглөө.


-Нам, эвсэл, бие даагчид УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг хүргүүллээ. Гэвч зарим хүн сонгуульд өрсөлдөхгүй гэдэг санал хүргүүлсэн гэдэг мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Зургадугаар сарын 24, 25-нд улс төрийн нам, эвсэл, бие даагчдаас нийт 1416 хүн материалаа хүлээлгэн өгсөн. Өнөөдөр зарим нэг нөхцөл байдал үүсээд байгаа нь “Намайг мэдээгүй байхад  намаас сонгуульд нэр дэвшүүлсэн байна. Сонгуульд нэр дэвшихээ мэдсэн ч би нэр дэвшихээ болилоо” гэсэн хүсэлт ирүүлж байгаа.

Ийм хүсэлт ирүүлэх бүрэн боломжтой. СЕХ нэр дэвшигчийг бүртгээд тогтоол гаргахаас өмнө нэр дэвшихээс татгалзах бүрэн эрхтэй. Сонгогдох эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухай хүний асуудал. Энэ ч агуулгаар СЕХ-нд дөрвөн хүн нэр дэвшихээс татгалзлаа гэсэн мэдэгдэл ирсэн. Нэр дэвшүүлж байгаа нам, эвслүүд, намаас нэр дэвшигч нь сонгогдох эрхээ хэрэгжүүлнэ гэдэг эргээд маш том өндөр хариуцлага байдаг. Сонгуульд ямар зардлаар орж байгаа, хандивыг хаанаас цуглуулсан гэх мэт зардлын тайланг хуулийн хугацаанд багтаан гаргаж өгөх ёстой байдаг. 2020 оны сонгуулиар ийм тайлан гаргаж өгнө гэдгээ мэдэхгүй явж байгаад 600 гаруй хүн 10 сая төгрөгөөр торгуулж байсан тохиолдол бий. Ийм учраас дор бүрнээ хариуцлагатай байж, нэр дэвших эсэхээ сайн тунгааж бодож үзээд СЕХ шийдвэр гаргахаас өмнө нэр дэвших эсэхээсээ татгалзах нь нээлттэй.

СЕХ ны хувьд өргөдөл гомдол гаргаж байгаа асуудлыг нэгтгээд ирэх зургадугаар сарын 1-ээс өмнө мэдээлэл хийнэ.

-Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн асуудалтай холбоотойгоор СЕХ тайлбар тодруулга авна гэж байсан. Авсан уу?

-Ардчилсан намаас тайлбар тодруулга ирүүлсэн.  СЕХ-нд Ардчилсан намаас нэг л баримтыг хүлээлгэж өгсөн нь 32 дугаар тогтоол. Нийгмийн сүлжээнд явж байгаа олон янзын мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. АН-ын зүгээс энэ чиглэлээр бид өөрсдөө арга хэмжээ авч сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэсэн. СЕХ нь эрх бүхий байгууллагаас тодруулга авсан гэж үзэж байгаа.

-Намууд квотдоо хүргэхийн тулд эмэгтэй нэр дэвшигчийг өөрийг нь мэдээгүй байхад бүртгэсэн гэсэн асуудал гарч байна. Ийм тохиолдол хэр олон гарч байна вэ? Өмнө нь ийм зөрчил гарч байсан уу?

-Квоттой холбоотой эсэхийг мэдэхгүй байна. “Би нэр дэвшихгүй боллоо. Маш өндөр хариуцлагатай олон арга хэмжээ зохион байгуулах болдог юм байна. Тийм учраас би сонгуульд нэр дэвшихээ болилоо” гэдгээ илэрхийлж байгаа.

-Гадаадад байгаа сонгогчид санал хураалтын бэлтгэл хэр хангаж байна вэ?

-Зургадугаар сарын 15-ныг хүртэл гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцож саналаа өгнө гэсэн хүсэлтээ ирүүлэх ёстой. Одоогоор 2300 гаруй сонгогч цахимаар саналаа өнө гэдгээ илэрхийлсэн байгаа юм билээ. Гадаадад байгаа иргэд маань зургадугаар сарын 15-ныг хүртэл хүсэлтээ гаргаж болно.

 

0